Монгольский перевод Х. Пэрлээ
Источник: Игорийн цэрэглэсэн тууж. Улаанбаатар, 1956.
- 1. Хутаг-алдар ноёны хүү,
Игорь вангийн гунигт туужийг
Хууч үгээр эхэлж хэлбэл,
Таатай биш үү дүү нар аа! - 2. Боянь туульчийн сэтгэснээр
Туужаа эхлэхийг байя.
Бодит одоогийн явдлаар
Туужаа анхалж үгүүлье. - 3. Магтан хүнийг дуулах гэвэл,
Маш мэргэн Бояний сэтгэл нь
Ой модон дээгүүр
Оргилон түгээд,
Хөх бор бүргэд мэтээр
Үүлэн доогуур нисээд
Хөх боохолдой мэтээр
Талд дүүлэн явдаг - 4. Анхан цагийн дайн дажныг
Ахин дахин Боянь дурсдаг билээ.
Ариун хунгийн сүрэгт
Арван шонхор давхихад,
Аль нэг гүйцэгдсэн нь
Аялан домог үгүүлж:
Эртний Догшин-алдарыг
Эрхэмлэн дурсан дуулж,
Хасаг цэргийн өмнө
Хаан Редедийг хороосон
Хүчит Өсөх-алдарыг
Хутаг-алдар ноёны хүү
Сайхан Роман ванг
Сайшаан дуулдаг билээ. - 5. Өнгөрсөн цагийн Боянь
Өнөр хунгийн сүрэгт
Арван шонхор тавьдаггүй,
Аялгуут хуурын чавхадсанд
Уран хуруугаа хүрмэгц,
Уянгат тэрхэн чавхдас нь
Ван ноёдын алдрыг
Бадруулан хангинуулдаг сан. - 6. Балар эрт цагт байсан
Ван Ертөнцийн-эзэнээс эхлэн,
Одоо цагт эрэлхгээр
Орос нутгаа өмгөөлөгч - 7. Идэрхэг өмөг цэргээ
Кипчак газарт хушуучлан,
Идтэй хавтай явдлаар
Сэтгэл зүрхээ үзүүлэн
Оюунаа бат хөгжөөж яваа
Одоогийн Игорь ван хүртэлх
Энэ цагийн туужаа
Эхэлж хэлье, дүү нараа. - 8. Тэр цагт Игорь ван
Тэнгэрийн нарыг хяламхийхэд, - 9. Бараан сүүдэр нарнаас бууж,
Баатар цэргийн нь бүрхсэнийг үзээд: - 10. «Олзлогдсоноос үхсэн нь дээр биш үү.
Өмөг цэрэг дүү нар минь! - 11. Хөлөг хурдан мориндоо мордож,
Хөх Доныг үзье» гэж, - 12. Ноён вангийн сэтгэл нь
Ноцтой хүсэлдээ автаж,
Мундаг Доноос амсах хүсэл нь
Муу ёронд торон тогтсонгүй. - 13. Орос хөвгүүд та нартай
Очих кипчак газарт
Барьсан жадаа хугачиж,
Баатар толгойгоо өгнө.
Үгүй бол Дон мөрнөөс
Усы нь дуулгаар ууна» гэжээ. - 14. Аль эртнээс цуутай
Алтан Гургалдай Боянь минь!
Сэтгэлийн найлзуур модоор
Сэлүүцэн дэвхцэн явж,
Огторгуйн үүлэн доогуур
Оюун билгээр нисч,
Энэ цагийн хоёр хугасыг.
Эвлүүлэн зүйж, алтан гургалдай минь,
Эдгээр баатар цэргийг
Эгшиглэн магтаасай чи минь.
Трояны замаар хээрийг дэмжин,
Толгод уулаар даван явж, - 15. Трояны ач Игорийн дууг
Тохилон байж дуулсан нь - 16. «Шонхор шувуудын
Шороон шуургыг
Агуу их талаар
Авчирсангүй билээ.
Алагтууны сүрэг
Арвин Дон өөд гүйнэ. - 17. – – –
- 18. Сула голын тэртээ
Агт нь янцгаалдан
Сүртэй их алдар нь
Киевт хангинана.
Бүрээ Шинэ-балгадад татаж,
Путивль хотод туг босов» гэж - 19. Бошигт Тэнгэрийн ач хүү
Боянь хэлж дуулууштай
Итгэлт ах Даян-эзнийд
Игорь ван хүлээж байжээ.
Догшин бух гөрөөс мэт
Даян-эзэн Игорь ванд: - 20. «Орь ганцхан дүү минь!
Онц гэрэлт Игорь минь!
Хоёулан бид нар
Хутаг-алдарын хүү - 21. Агтны хурднаа эмээллэ дүү минь,
- 22. Ахын нь цэрэг бэлэн бий.
Курийн өмнө эмээллээстэй бий. - 23. Курс хотын дайчид минь,
Байлдааны бүрээн дуунаар
Манцуйлуулж,
Баатрын дуулган дор
Бүүвэйлүүлж,
Жадны үзүүрээр
Угжуулсан,
Жавхлант баатар эрс
Болсон юм - 24. Замаа тэд мэддэг
Жалгаа тэд таньдаг
Нум нь хөвчлөөстэй,
Сум нь зэхээстэй,
Сэлэм нь ирлээстэй. - 25. Нэр төр өөрсөддөө эрж,
Нэн алдар ноёндоо хайж,
Хөх чоно мэтээр
Хөдөө талд давхина» гэжээ. - 26. Алтан дөрөөгөө Игорь ван дөрөөлж,
Ариун талаар аялан оджээ. - 27. Гэгээн нар харанхуйлж,
Игорийн замыг боож, - 28. Гэнэт шөнө мэт болж,
Гаслан сүрдүүлэхэд
Аливаа жигүүртэн сэрж,
Араатан гиншин гасалжээ. - 29. Тэнгэр Див хирдхийж,
Тэр модон дээр хашгирч:
Үл таних газарт,
Үлэмж Ижил мөрөнд
Судак хотын газарт
Сула голын орчинд
Тэнгисийн хавь нутагт,
Тэгээд Корсунь хотонд
Цайз Тмуторконы
Цалги онго чамд
Хэлсэн үгсээ
Хэрэглэж сонс гэнэ! - 30. Кипчак газрын хүн
Харгуй гаргаагүй газраар,
Их Доны зүгт
Ирж явна тэд.
Хөсөг тэрэг нь шөнө дунд
Хун үргэсэн мэт хяхнан байна.
Игорь ноён Дон мөрний зүгт
Их цэргээ удирдан явна! - 31. Игорь ванд дайралдах
Их гай гамшгийг
Хатуу царсан дээрх
Жигүүртэн шувууд тосч
Хар жалганд нуугдсан
Чоно ульж байгаа нь
Айдас хүрч цочмоор
Аягүй муухай байна.
Амьтны сэгэн дээр
Бүргэд шувууд хиагалан
Араатныг дуудаж байна.
Үзэмжит улаан бамбайг харан
Үнэг хуцаж байна. - 32. Орос газар чи мннь
Олон болдгийн цаана хоцрож! - 33. Удтал шөнө болж
- 34. Улаан нар мандаж
Хөх униар татаж
Хөдөө талыг бүрхжээ. - 35. Алтан гургалдай жиргэн наадаж
Алагтуу шулганан эхэлжээ. - 36. Нэр төрийг өөрсөддөө эрж
Нэн алдрыг ноёндоо хайж
Эрэлхэг орос хөвүүд
Тал газрыг
Эрийн улаан бамбайгаар
Хашин хаажээ. - 37. Баасан гаригийн өглөө эрт
Балагт кипчак цэргийг няцар гишгэж
Харавсан сум годил нь
Хавийн талд тархаж
Сэтгэлд зохистой кипчак охидыг
Сиймхий торгон эдлэлий нь хамт
Тансаг алтан эрдэнийн нь хамт
Таж магнагий нь олзлон авчээ. - 38. Кипчак газрын цув нөмөргийг
Хиргүй бүтээлэг, нэхий дээлий нь
Бас үнэтэй юмсы нь
Балчиг шалбаагт дэвсчээ. - 39. Улаан өнгийн тугийг
Улбар молцогтой нь
Цагаан өнгийн унжлагыг
Цад мөнгөн иштэй нь
Хутаг-алдар ноёны
Хүчлэг хөвүүнд өргөжээ. - 40. Хөдөө талын дунд
Олегийн эрэлхэг хөвүүд - 41. Тэд шонхорт ч, начинд ч,
Тэрс хар хэрээ кипчак чамд ч,
Атаа жөтөө төрүүлээгүй
Ариухан юмсан даа! - 42. Хаан Гзак хөх чоно мэт зугатаж
Хаан Кончак их Доны замыг заана. - 43. Маргааш өглөө нь
Маш эртлэн,
Үүрийн цусан туяа
Үргэлжлэн гийж - 44. Саруул гэгээн болохыг
Сайхан бүлэгдэж байхад
Тэнгисийн зүгээс бараан үүл нүүн
Тэр дөрвөн нарыг халхлах гэж - 45. Хөх гялбаа үүлэн дотроос цацарч
Хүчит аянга нижигнэх нь байна!
Аврага Дон мөрнөөс сум
Аадар мэт цутгарч байна. - 46. Их Донын Каял голд
Илд жад ч хугарах нь байна.
Кипчак дуулганд сэлэм
Гялайж эмтрэх нь байна. - 47. Орос нутаг чи нэгэнт
Олон болдгийн цаана хоцров! - 48. Салхин тэнгэрийн ач салхи
Сайхан Игорийн эрэлхэг цэргийг
Усан тэнгисийн зүгээс
Угсран сумаар үлээнэм. - 49. Газар дэлхий хүнгэнэн доргиж
Гол ус булингартан урсаж
Тал хээрийн тоос
Таглан бүрхэж байна - 50. Туг гялбаа
Туялзан дэрвэж
Тэнгис Дон хоёроос
Тэрсүүд кипчак ирж - 51. Оросын цэрэг эрийг
Олон талаас нь бүсэлжээ. - 52. Шулмын үрс
Шуугин хашиж
Эрэлхэг орос хөвүүд
Эгнэн улаан бамбайгаараа
Хөдөө талыг
Хөшиглөн хаажээ. - 53. Догшин бух гөрөөс мэт
Даян-эзэнтэн
Дайлалдаанд урагшлан чи орж
Дайчин цэрэгт сумаа цацаж
Харлаг илдээр дуулгы нь
Хангинатал цавчиж байнам. - 54. Алтан дуулгаа гялалзуулан явж
Аймшигт бух гөрөөс мэт
Довтолсон газар бүхэнд кипчакийн толгойг
Дор нь хярган өнхрүүлж байна. - 55. Хатан сэлмээр Аварын дуулгыг
Хагар цавчиж байна чи.
Догшин бух гөрөөс мэт
Даян эзэн минь ээ! - 56. Нэр төр, эд агуурсаа
Нэн амраг гуа Глебийн охиноо
Эрхэм Чернигов балгадад байгаа
Эцэг вангийн алтан ширээгээ
Мартан яваа баатар хүнд
Махбодын шарх юунд хайран билээ. - 57. Трояны мөчлөг өнгөрч
Догшин алдарын цаг нөхцөж
Ван Олегийн цэрэг дайн
Бас л болж өнгөрсөн билээ. - 58. Олег хямралыг илдээр хийж
Олон сумаа газар цацалжээ. - 59. Түүний алтан дөрөөгөө
Тмуторонд дөрөөлсөн чимээгий нь
Эртний цагт байсан
Эрэмгий догшин алдар сонсож - 60. Даян-эзний хүү Ертөнцийн-эзэн
- 61. Дандаа өглөө бүр Черниговт
Чихээ таглан
Чимээгүй байжээ. - 62. Олегийн хорсголыг
Орлон авах гэж
Арвижих-алдарын хүү
Эрэлхэг залуу Борисын
Алдрын нь шүүвэрт хүргэж ирээд
Канин голын ногоон дээр
Хамаг хувцсы нь дэлгүүлж билээ. - 63. Каял голоос эцгийгээ
Киевийн Софийн сүмд
Унгар жороо мориор
Уламжлан дамнаж хүргэхийг - 64. Ноён Хутаг-дайчин
Нотлон тушаасан билээ.
Бадрах алдрын хүү Олегийн үед
Бас дажин хямрал таригдан ургаж
Өгөөмөр тэнгэрийн ач хүүгийн
Өнөр эд агуурс арилан бусниж
Эзэд ноёдын
Эвдрэл хямралд
Ард олны
Амь нас саарчээ. - 65. Тэр дажнаар орос газарт
Тариачин хашгирах нь цөөрчээ.
Харин хүүр хуваасан хэрээнүүд
Хиагалан дуугарах нь олширчээ. - 66. Ашиг олз хайх гэж
Алагтуу шулганадаг байжээ. - 67. Тэр цэрэг дайн ийм бүлгээ.
Тэрэн шиг цэрэг дайныг сонсоогүй билээ.
Өглөө эртээс үдэш болтол
Үдэш оройгоос үүр цайтал
Кипчак нутгийн танихгүй газарт
Хатан зэвт сум нисэлдэн
Харшиж дуулганд сэлэм дуугаран
Харлаг жад тачигнан байна. - 68. Хар газар морин туурайгаар
Хүний яс цацагдаж
Халуун цус урсаж билээ.
Ингэж орос газарт
Их гашуудал дэгджээ. - 69. Үүр цайж
Үүсэхээс өмнө
Юу холоос шуугих нь дуулдав?
Юу алсаас хангинах нь сонсдов?
Хайрт Даян-эзэн ахдаа
Харамсан элэг нь эмтэрч
Их цэрэг ангиа
Игорь ван эгүүлж байна. - 70. Гурван өдөр Игорь тулалдаад
Гудайн туг нь унасан байна. - 71. Асар түргэн Каял голд
Ах дүү хоёр хагацаж - 72. Цуст дарс нь хүртсэнгүй
Цуут оросууд хуримаа төгсгөж - 73. Хадам нараа
Ханатал цайлж
Харин өөрснөө орос газрын төлөө
Халуун амиа алдаж дээ. - 74. Өвс ногоо харамсан бөхийж
Ой мод ч гашуудан мэхийжээ. - 75. Бас л цэнгэлгүй, дүү нар аа.
Баг цэргийг цөл халхлав. - 76. Өгөөмөр тэнгэрийн ачийн цэрэгт
Өшөө хорсол босон дэгдэж,
Трояны газарт охин мэт
Төвшин орж ирээд
Донийн дэргэдэх цэнхэр тэнгисийг
Долгилуулан хунгийн жигүүрээр савчиж
Баян элбэгийн цагийг
Балбачин хөөсөн байна. - 77. Тэрсүүд дайснаа эсэргүүцсэн
Тэмцлээ вангууд зогсоожээ.
«Энэ ч миний, тэр ч миний» гэснээс
Эсэргүүцэл тэмцэл зогссон ажээ.
Тэгээд вангууд өчүүхэн юмыг
«Тэнгүй их юм» гэлцэж
Халуун зуураа муудалцаж,
Хагарал дажинг дэгдээдэг болжээ. - 78. Одоо хөнөөлтөн тал бүрээс нь
Орос газрыг ялан иржээ. - 79. Аяа! Шувуудыг жанчсаар
Алслан шонхор тэнгист иржээ, - 80. Ван Игорийн дайчид
Бас дахин амилахгүй нь! - 81. Карна Желя хоёр тэнгэр
Гал дөл эвэртээ цахилуулан
Орос газраас давхилдан
Оргилон хиагалан явжээ. - 82. – – –
- 83. «Хайртнаа сэтгэх ч үгүй
Харж бодох ч үгүй
Бас алт мөнгөө
Барьж эдлэхээ болив» гэж, - 84. Орос гэргийд ярилцан
Орилон уйлсан байна.
Гашуудан Киев балгад энэлж,
Гайтан Чернигов балгад ёолжээ. - 85. Орос газарт гунилан бялхаж,
Онц сэтгэл зовнилт болжээ. - 86. Халуун зуураа вангууд
Хагарал дажин дэгдээхэд - 87. Улигт дайсан, орос газарт
Уулгалан довтлон ялж,
Айл бүрээс хэрэмний арьсаар
Алба гувчдаг байсан билээ. - 88. Ван Хутаг-алдарын
Баатар тэр хөвүүд нь
Игорь, Даян эзэн хоёр нь
Их хэрүүл үүсгэж
Хар хорт санаагаа
Харин сэргээсэн байна. - 89. Тэдний эцэг Киевийн ноён
Их Хутаг-алдар догшин
Тэр хэрүүл баруулы нь
Даран намхруулж өгөөд
Харлаг илд, хүчит цэргээр
Кипчак газарт довтлон орж
Тэнгэрийн аянга мэт дийлж,
Тэндхийн товцог, жалгыг тэгшлэн,
Нуур усы нь булингартуулан
Нуга балчгий нь хуурайлсан билээ.
Хөнөөлт Кобяк хааныг
Хөх тэнгисийн тохойгоос салгаж,
Их Кипчак төмөр цэргээс нь
Ирмуүн хуй салхи мэт сугалж
Балгад Киевт, Хутаг-алдарын
Бага өмөг цэргийн ордонд хаяжээ. - 90. Тэнд байгаа харьцуул, моравууд
Тэртээ холын грек, венецчүүд
Ван Хутаг-алдарын
Баатар алдрыг магтан,
Каял голын усанд
Хамаг юмаа живүүлж,
Алтаа цувуулсан Игорийг
Ам амандаа зэмлэж байна. - 91. Энд Игорь вантан
Эрдэнийн алтан эрвээлжээс
Эгэл боолын янгианд
Эрхгүй шилжирч байхад - 92. Балгад хэрмэнд зориг шантран,
Бахдал цэнгэл гудайн намхарчээ, - 93. Хадан ууланд барьсан Киевт
Харин Хутаг-алдар ноён: - 94. «Энэ шөнө үдшээс эхлэн
Эрхэм агар зандан орон дээр
Бараан бүтээлгээр намайг
Баглаж хучиж байна, - 95. Шаналга хутгалдсан хөх дарсыг
Шавхан надад хийж байна. - 96. Харь хөнөөлтний хоосон хуягаар
Халуун цээжин дээр минь
Том сувд асгацгаан,
Тоглуулан намайг энхрийлэв - 97. Алтан дээвэртэй тэрмэнд минь
Аанай ширээ эзэнгүй байна. - 98. Үдшээс эхлэн шөнө турш
Үнсэн зэвхий хэрээ шувууд - 99. Киевийн ойрхи Плесенийн дэргэд
Хиагалан бархиралдан байв.
Хөх тэнгист (хэрээд) явчив,
Хотын өмнөх Киянийн ой байна гэж,
Муухай зүүд зүүдэлж,
Муу зөн үзжзэ. - 100. – – –
- 101. «Гашуудал уй оюуны чинь
Гайтай их дүүргэжээ, ноён минь. - 102. Тмуторконь балгадын олох буюу,
Төмөр дуулгаар Доноос уух гэж,
Эцгийн алтан ширээнээс
Эрэлхэг хоёр шонхор нисээд
Хөнөөлтний сэлмэнд жигүүрээ хяргуулж,
Хөөрхий биесээ төмрөөр хүлүүлж» гэж,
Бояр сайдууд зүүдий нь
Вандаа тайлж өгчээ. - 103. Гуравдугаар өдөртөө боловч
Гунигтай харанхуй байсан нь
Хоёр наран бүрийн бүдгэрч,
Хос улаан цацраа нь унтарч,
Хоёр идэр саран болсон
Хутаг-алдар Олег хоёр
Тэдэнтэй цуг харанхуйд өртөж,
Тэнгист шингэж орхисон байна.
Ингэж хин (угсаатан) нарт
Идэрхэг сэтгэлийт хөгжөөжээ - 104. Каял голын хөвөөнд
Харанхуйлж гэрлийг бүрхээд - 105. Ингэж орос газарт кипчак нар
Ирвэсийн улаан цурав мэт таржээ. - 106. Эрхэм алдар дээр
Сонжуур нэгэгт бууж, - 107. Эрх чөлөөн дээр
Хүчирхийлэл нэгэнт цохиж, - 108. Див (онго) унаж,
Дэлхий газарт хаягджээ. - 109. Гот овгийн
Гоо бүсгүйчүүл,
Хөх тэнгисийн
Хөвөөн дээр
Орос алтаар хангинаж
Бос ноёны үеийг
Сайшаан магтан дуулалдаж,
Шаруканы өшөөг хүснэм. - 110. Өмөг цэрэг бид нар
Өнөр цэнгэлгүй байнам гэжээ. - 111. – – –
- 112. «Аяа хүүхэд минь,
Игорь Даян-эзэн хоёроо!
Ах дүү та нар,
Кипчакийг илдээр «энэлгэн
Алдар өөрсөддөө хайхаа
Арай эрт эхэлж дээ.
Нэр сүргүй бузар цус урсаж,
Нэр төргүй дийлж» дээ. - 113. Эрэлхэг та нарын
Эрчимт сэтгэл зүрх
Эрхэм чин бодлоор ширээгдэж
Эрэмгий чадлаар хатаагджээ. - 114. Мөнгөн бууралд минь
Мөн юу бүтээв? - 115. Балгад Черниговын жанжинтай
Бояртай, ольбертой
Татрантай, Шельбиртэй
Топчактай, Ревугатай
Дайчдаар хүчлэг баян
Даамай элбэг дүу минь.
Догшин-алдар ноёны
Дорвитой эрхийг би үзээгүй,
Хуланцагийн алдрыг хангинуулан
Хуйлсан хутгатай тулалдан
Халх бамбайгүй цэргүүд
Хашгаран уухайлан ялж байна. - 116. «Өөрснөө зориглон явж
Өнгөрсөн алдрыг шамшиж,
Өнөө ирэх алдрыг та нар
Өөрснөө хуваана» гэж байна. - 117. Хөгширснийг залуу болгоход
Хөгтэй гэж үү? дүү нараа! - 118. Өдөө гүйцэхээр шонхор
Өндөрт шувууг жанчин,
Өөрийн үүр гэрээ
Өшөөтөнд алдахгүй байдаг. - 119. Харин вангууд надад туслаагүй
Хар гай гамшиг чирээд - 120. Он цаг муудаад
Олиггүйд эргэсэн байна. - 121. Балгад Ромын дэргэд
Балагт кипчак нар
Харлаг сэлмэн дор бархиралдахад
Харин ертөнцийн-эзэн ван
Гэнэт шархан дор орж, - 122. Глебийнн хөвүүд гунихарчээ!
- 123. Их ван Даян-эзэн!
Итгэж санаснаар чинь
Эцгийн алтан ширээг
Эрхэмлэн хамгаалах явдал
Алс холоос чамд
Арай нисэн ирэхгүй биз? - 124. Ижил мөрний усыг
Ишит сэлүүрээр цалгилуулан
Дон мөрний усыг
Дуулгаар шавхаж чадна чи, - 125. Даян-эзэн чи минь
Даруй энд байсан бол
Аягачин шивэгчин
Ногата зоосоор авч,
Ажлын боолыг
Резань зоосоор олохсон. - 126. Алдарт Глебийн хөвүүдийг
Амьд жад болгон,
Хуурай замд шидэж,
Хуудуу чадна чи - 127. Ван Рюрик догшин чи,
Бас ялагч ноён чи сонс!
Алтадсан дуулгаар
Усанд хөвж явсан
Алдарт дайчид
Та нарынх биш гэж үү? - 128. Мэдэхгүй хээр талд
Мэс сэлмэнд шархадсан
Бух гөрөөс мэт урамддаг
Булиа эрс та нарынх биш үү? - 129. Одоогийн өшөөний төлөө,
Орос нутгиин төлөө,
Хутаг-алдар догшны хүү,
Хувьтай Игорийн шархны төлөө - 130. Алтан дөрөгөө дөрөөлөн,
Агт мориндоо морд ноёд оо!
Гайхамшигт Догшин алдарын хүү,
Галиц газрын найман санаатаа!
Цувимал алтан ширээндээ
Цуутай сүндэрлэн сууна чи!
Унгарын уулс хадыг
Төмөр цэргээрээ тулж,
Усан хөлөг онгоцыг
Дунай мөрөнд хөвүүлэн
Нүсэр хүндийн илдгийг
Нүүсэн үүл нэвт шидлэн
Дааман хаалгаа
Дунайд цуургалж байна. - 131. Вангийн ирэх замыг
Батлан хөндөлдөж байна.
Чи Киевийн үүдийг нээж,
Чин батаар газраа хамгаалан
Аавын алтан ширээнээс
Аюулт Салтан хааныг харвахад
Аянга гялбаа газраар
Асгаран урсаж байна - 132. Орос газрын төлөө,
Игорийн шархны төлөө,
Хартбоол Кончакийг
Харван намна, ноён! - 133. Роман догшин ноён сонс
Өсөх-алдар ван дуул?
Оюуны чинь гавъяа зүтгэлд
Онц эрэлхэг сэтгэлд татжээ. - 134. Жигүүртнийг зоримгоор ялахыг
Жинтэй эрмэлзэн санаж
Салхин дээр халигч,
Сайхан шонхор мэт
Эрэлхгээр гавъяаны зүг
Элэн хальж байна чи, - 135. Латин газрын дуулга өмссөн
Нандин төмөр эрс танд бий
Газар дэлхий тэднээс
Ганхалзан оргиж байдаг
Хин, литва,ятвяг нар,
Кипчак деремель газар орон
Хатан жадаа орхиж
Харлаг илдэн дор
Толгойгоо тушаан,
Тонгойдог билээ. - 136. Аяа, Игорь ван нэгэнт
Алтан нарны гэрэл бүрийхэд
Муу ёр болохыг үзэв
Мод навчаа гуужив. - 137. Роси Сула хоёр голоор,
Олон хот хуваагдсан байна.
Харин Игорийн эрэлхэг цэргүүд
Халуун амь орохгүй нь! - 138. Ван чамайг Дон мөрөн
Вангуудыг ялалтад дуудна, - 139. Олег ноёны хөвүүд
Олон эрэлхэг вангууд
Алалдан тулалдах газар
Амжин ирсэн байна. - 140. Ван Даян-эзэн Ингварь хоёр
Бас өсөх-алдар ноёны
Гурван хөвүүн бүгдээрээ
Гуа сайхан үрс, шонхрууд аа!
Ялагдаад хушуу нутгаа
Яагаад ч алдсан биш та нар. - 141. Аль вэ, Ладь газрын жад чинь?
Алтан дуулга бамбай чинь хаа байна? - 142. Орос газрын төлөө,
Игорийн шархны төлөө,
Хээр талын хаалгыг
Хэтэрхий хурц сумаар хаагтун! - 143. Сула мөрөн мөнгөн урсгалаар
Сүрт Переяславль руу
Урсахаа больсон байна.
Догшин Полоцк нарт тусалж
Двина мөрөн намаг болон
Хөнөөлтний бархираан доогуур
Хөндөлдөн урсаж байна. - 144. Васильк вангийн хөвүүн
Зулих-алдар ноён
Хурц илдээр литва дуулгыг
Хуу татаж хангинуулан
Даян-алдар авгын
Далай алдрыг балбачуулан
Улаан бамбайн дор өөрөө
Халуун цуст ногоон дээр
Амрагтайгаа литва илдээр - 145. Алхигдан байхдаа хэлсэн нь:
- 146. «Ван чиний өмөг цэргийг
Бараан шувуу далавчаар хучиж
Араатан цусы нь
Амсав» гэжээ. - 147. Тэнд дуурсах-алдар
Дүү чинь байсангүй,
Тэрний нөгөө Даян алдар
Ноён чинь байсангүй,
Энэ мэтээр ганцаардан
Эрдэнэт сувд амиа
Алтан чондроор дамжуулан
Алд биеэсээ алджээ, - 148. Дуу хоолой гунигтай болж,
Зугаа цэнгэл нам гүм болов.
Балгад городений бүрээ
Бархиран дуугарч байна. - 149. Даян-эзэн, Догшин-алдар хоёрын
Далай олон ач бүхэн?
Байлдааны тугаа нэгэнт бөхийлгөж,
Балбархай илдээ хуйлагтун, - 150. Авгын алдраас та нар
Ангижран хагацсан байна. - 151. Халуун зуураа та нар
Хар хэрүүл үүсгэж,
Далай Орос газрын зүгт
Даян-эзний баялгийн чигт
Дайсан буруу номтныг
Даллаж байдаг болжээ. - 152. Хямрал дайны маань жавшиж
Кипчак нар хүч түрж байна. - 153. Трояний долдугаар мөчлөгөнд
Тун ч янаг бүсгүйн тухай
Ноён Даян-эзэн
Нэгэн шавга татжээ. - 154. Ван Даян-алдар
Бааштайгаар морио түшиж
Киев балгадын зүг давхиж,
Киевийн алтан ширээнд хүрч, - 155. Цагаан-балгадаас шөнө дунд
Цааш мордон яваад
Хөх униар татуулан,
Хөнөөлт араатан мэт довтлон, - 156. Өглөөгүүр шинэ-балгадын
Өргөн их хаалгыг
Саран илдээр нээж
Сайхан догшин-алдрын
Дуурсгалт алдрыг балбачин - 157. Дудуток мөрөн дээр
Немига гол хүртэл
Нэг чоно мэт давхижээ - 158. Немига голын дээр
Нэг хэсэг толгойгоор хийсэн
Бухлуудыг дэлгэн задалж,
Харлаг манцаргаар цайруулан,
Халуун амьдралы нь үтрэмд агуулан,
Амин сүнсийг биеэс нь, - 159. Ангижруулан хийсгэж байсан юм.
Немига голын цуст хөвөөнд
Нэг ч сайн юм цацагдаагүй,
Харин Орос хөвүүдийн
Хайран яс л цацагджээ,
Ван Даян-алдар хүмүүсийг шийтгэж,
Балгадаар ноёдод хувь өгч
Өөрөө шөнө чоно мэт
Өндөр Киевээс гарч тэнээд
Тахиа дуугарахаас өмнө
Тмуторконьд хүрэн хэсээд,
Аугаа Хорс тэнгэр өөд
Араатан чоно мэт замнажээ. - 160. Балгад Полоцкт өглөө эрт
Богд Софийн сүмийн дэргэд
Даян-алдар ванд зориулан,
Данхийтал хонх цохиход
Тэр чимээгий нь Даян-алдар
Тэртээ Киевээс сонсож байжээ. - 161. Эрэлхэг биенд
Цэцэн оюун байвч,
Энэ нь гайд
Олон нэрвэгджээ. - 162. – – –
- 163. «Уран мэхтэн бачтанд ч
Ухаант хүн, аргат шувуу ч
Тэнгэрийн зарга таслах газарт
Тээглэлгүй гардаггүй» гэж
Ухаант Боянь, Даян-алдарт
Уран эгшигтэй хэлж билээ. - 164. Анхан цаг урьдны ноёдоо дурсан,
Аяа, орос нутаг гасалж байна! - 165. Ертөнцийн-эзэн хуучин ванг
Ердөө Киевийн уулсад хадашгүй. - 166. Одоо Рюрик ноёны
Хөвүүдийн туг босоход,
Ондоо Ялагч вангийн
Хөвүүдийн туг манджээ.
Тэгэвч эдний туг нь
Тэнд энд саланги хийсч
Жад нь харшилдан, - 167. Жанчилдаж байна.
- 168. – – –
- 169. «Хөхөө жигүүртэн болоод,
Дунайд, мөрөнд нисье. - 170. Каял голын усанд
Минжин нудрагаа норгож, - 171. Хайрт вангийн чийрэг биений
Халуун цуст шархыг арчъя» гэж
Зар нь гараагүй хөхөөн дуугаар - 172. Заяат Догшин-алдарын охин,
Өглөө эртлэн донгодоход
Өнөөх дуу нь Дунайд дуулджээ. - 173. Огторгуйн салхи, хуй минь!
Урдаас юунд үлээнэ вэ? - 174. Хин угсаатны сумууд
Хайртны минь дайчдын зүг
Хөнгөн өд содон дээрээ
Хөвөлдөн юунд нисэлднэм? - 175. Хөх тэнгисийн дээрх
Хөлөг онгоцыг ганхуулан,
Үүлэнд тулсан оргилыг
Үлээсэн чинь бага уу? - 176. Тэнгэр чи яагаад,
Тэнүүн цэнгэлий минь тараав? - 177. гэж
Ван Догшин-алдарын охин
Балгад Путивлийн хэрмэн дээр
Өглөө эрт авиран
Уйлан хайлж байна. - 178. «Аяа үгтний хүү
Днепр мөрөөн!
Алс кипчак нутгийг
Дамжаад чи
Чулуун уулсыг
Чухам нэвтэлжээ.
Хувьтай Днепр чи
Усан дээрээ - 179. Хутаг-алдарын хөвгүүдийн
Завийг хөвүүлэн,
Кобякийн сүрэг цэрэгт
Хүргэж өгсөн билээ - 180. Өглөө эрт тэнгис дээр
Өлөн нулимсы минь дусаалгүй
Хайрты минь хөвүүлэн,
Хариулж ирүүлээч» гэж - 181. Ван Догшин-алдарын охин
Балгад Путивлийн хэрмэн дээр
Өглөө эрт авиран
Уйлан хайлж байна. - 182. «Алтан гэгээн наран минь!
Аливаа бүхэнд үзэмжтэй,
Дулаан илчит, тэнгэр чи,
Халуун цацрагаа юунд
Хайртны минь дайчдаас
Халхалж байна вэ? - 183. Усгүй хээр талд тэд
Ундаасан зовоход нум нь нугарч
Гашуун зовлон амсахаар
Ган хуяг нь ивэрчээ гэж
Ван Догшин-алдарын охин
Балгад Бутивлийн хэрмэн дээр
Өглөө эрт авиран
Уйлан хайлж байна. - 184. Тэнгис шөнө дундаас цалгилан,
Тэнгэрт тултал усан хуй болжээ.
Игорь Кипчак газраас
Орос нутагтаа зүглэж,
Эцгийн алтан ширээндээ
Эргэж харих замыг
Тэр ван танд
Тэнгэр зааж байна. - 185. Үдэш гэгээ тасраад,
Игорь унтаж зүүрмэглэж,
Санаандаа их Доноос
Бага Доныг хүрэх
Сайхан тал газрыг
Багцаалж хэмжиж байна. - 186. Овлур кипчак шөнө дунд
Орос ноён Игорьт мэдэгдэн,
Их голын тэртээгээс
Исгэрэн морио дууджээ.
Ван Игорь мэдээсэй!
Битгий үлдэж хоцроосой!
Овлур газар түншин хашгарахад, - 187. Өвс ногоо шуугилдахад,
Кипчакийн тэрэм асрууд
Хийсэн дэрвэж байжээ. - 188. Харин Игорь ван,
Хулсанд үен оготно
Харайн шургах мэт
Усанд цагаан нугас
Умбах мэт годхийж - 189. Ухасхийн мориндоо мордож,
Хөх бор чоно мэт
Хөндлөн давхисан байна. - 190. Бага Дон мөрний
Баруун тохойг чиглэн,
Өглөөний зууш, өдрийн зоог
Оройн хоол олох гэж
Хун галууг үүлэн доогуур намнан - 191. Хурдлаж яваа шонхор шиг явжээ
Игорь ван шонхор мэт довтлоход
Овлур царцсан цангаа сэгсрэн,
Хөх чоно мэт давхихад
Хөлөг морьд цуцжээ. - 192. – – –
- 193. Ван Игорь танд
Багагүй суу заль бий.
Кончак хаан танд
Горойх явдал болж,
Орос газар нутагт
Олны баяр болж гэж
Бага Дон мөрөн - 194. Ван Игорьт хэлжээ
- 195. Бага Дон мөрөн чи!
Ванг долгион дээрээ хөвүүлэн,
Мөнгөн хөвөөн дээрээ
Мөн ванд ногоо дэвсэж,
Ногоон модны мөчрийн дор - 196. Бүлээн манан будангаар
Ноён ванг хувцалсан
Бага Дон мөрөн чамд
Багагүй суу заль бий.
Усан дээрээ чи, ванг
Цагаан нугас мэт
Урсгал долгион дээрээ
Цахлай шувуу мэт,
Салхинд хар нугас мэт
Сахин хамгаалжээ» гэж - 197. Бага Дон мөрөнд
Ван Игорь хариулжээ.
Өөр булаг шандыг залгилан,
Өргөн адагтай болсон
Эхэндээ усаар ядмаг
Стугна гол тийм биш,
Бага залуу Өсөх-алдар ванг
Бараан эргэн доогуураа алсан гэж,
Ван Игорь хэлж байна. - 198. Өсөх-алдарын эх нь
Днеприйн бараан эргэн дээр
Өөрийн хүүдээ гашуудан
Уйлан хайлж байна. - 199. Гашуудан шаналахад нь
Газрын цэцэг гуньж,
Уулын мод нь
Уяран мэхийжээ. - 200. Хаан Гзак, Кончактай
Игорь ванг мөрдөн
Хамт явалцаж байна. - 201. Харин тэр цагт
Хар хэрээ хиагалсангүй,
Алаг турлиах бархирсангүй,
Алаг шаазгай шагширсангүй, - 202. Аврага том могой л
Аяархан гулгаж явна.
Мөрөнд одох зам газры нь
Модны тоншуулын тогшоо заана.
Алтан гургалдай үүрийн хярааг
Ариун хонгороор магтан жиргэнэ. - 203. – – –
- 204. «Аав шонхор нь
Үүрийн зүг нисвэл,
Алтан тоонолжоороо
Зулзагы нь намная» гэж,
Хаан Гзак, Кончактоо - 205. Хатуу санал хэлэхэд
- 206. «Аав шонхор нь
Үүрийн зүг нисвэл,
Амраг зулзагы нь
Гуа бүсгүйгээр аргамжъя гэж - 207. Хаан Кончак, Гзактаа
Хариу санал гаргажээ. - 208. Зулзаган шонхрыг
Гуа охиноор аргамжвал,
Зулзага охинтой
Зугатаж алга болоод,
Жигүүртэн биднийг
Кипчакийн хөдөө талд
Жинтэй нанчих болно гэж,
Хаан Гзак, Кончактоо
Хариу хэлсэн байна.
Хуучин Догшин-Алдарын үеийн
Хутаг-алдарын дуу бүтээгч
Ван Олегийн хайрлагч - 209. Билэгт Боянь, Ходына хоёр
- 210. «Хүзүү байхгүй бол,
Хүнд нүсэр биз толгойд нь
Толгой байхгүй бол
Том аюултай биз биенд» нь
Игорь ван байхгүй бол,
Ийм болно орос газар гэжээ. - 211. «Огторгуйг нар гийгүүлж байна,
Оросыг Игорь гэрэлтүүлж байна» гэж, - 212. Дунай мөрөн дээр
Дуулсан охидын дуу нь
Хөх тэнгисээр дамжиж,
Киев балгадад дуурсаж байна. - 213. Хутагт тэнгэр төрөгч
Хурим гийчийн зүг
Ван Игорь тан
Боричевт явж байна. - 214. Олон гацаа баяртай,
Орон хот цэнгэлтэй. - 215. Хуучин вангуудад дуулсан дууг
Хожим залуу ванд зориулж дуулахдаа; - 216. «Хутаг-алдарын вангийн
Хувьтай хүү Игорь
Догшин бух гөрөөс
Даян-эзэн ван,
Игорь вангийн хөвүүн
Ертөнцнйн эзэн нарын
Сайхан алдры нь
Сайшаан магтъя!» гэжээ. - 217. Эзэн вантангууд
Эрэлхэг өмөг цэргүүд
Христосын шашны төлөө
Хөнөөлтний цэргийг тэмцэн,
Эсэн мэнд
Эрүүл болтугай! - 218. Эзэн ван нарын
Алдрыг магтъя!
Өмөг цэргүүдийн
Өнөр гавъяаг магтъя!
Тийн болтугай.
Ссылка
Если вы используете корпус в научной работе, пожалуйста, сошлитесь на эту публикацию:
Орехов Б. В. Параллельный корпус переводов «Слова о полку Игореве»: итоги и перспективы // Национальный корпус русского языка: 2006—2008. Новые результаты и перспективы. — СПб.: Нестор-История, 2009. — С. 462—473.